BLOG
Blog content listЛавай гэдэг үгийн учир
Дуу дууны дундаас тов тодхон номын дуут
Дунгар яйчил, шигмуны сайшаасан лавай....
Ноён худагт Данзанравжаа
Лавайг монголчууд дун хэмээн төвөдөөр нэрлэх нь олонтаа. Лавай буюу дун бол далай тэнгис, усан сангуудад амьдардаг нэгэн зүйл нялцгай биет амьтны биеэ хамгаалах зохилдлогоос үүссэн хатуу бүрхэвч юм. Энэхүү бүрхэвчийн химийн найрлагын ихэнх (90 хүртэл) хувийг нүүрсхүчлийн кальцийн нэгдэл эржин буюу тана (арагонит) эзэлнэ. Лавайн дотор талаар үелэн тогтсон тана гэрлийн туяанд үзэсгэлэнтэй сайхнаар солонгорч харагддаг билээ. Лавай монгол орны нуур усанд өдгөө хэдий үгүй ч олон сая жилийн тэртээ өмнийн дэлгэр говиос Ховдын хотгор хүртэлх өргөн уудам талбайд тархан халуун дулаан уур амьсгалт тухайн үеийн усан сангуудын далан, даланцар, арал, булангуудаар том, бага, иржгэр барзгар зүйл бүрээрээ үй олноор амьдарч байжээ. Дээрх нутгийн янз бүрийн нас бүхий тунамал хурдсуудаас элбэг олддог тэдгээрийн сайтар хадгалагдсан үлдцүүд түүнийг гэрчилнэ.
Олонх үндэстэн, түүний дотор монголчууд лавайг дээр үеэс гоёл чимэглэлийн зүйл болгон ашиглаж байсныг Архангай аймгийн нутаг “Гол мод”-ны хүннү булш зэрэг эртний булш бунхнаас гарсан тана хясаан зүүлт чимгийн олдвор сэлт илтгэмүй. Лавай буюу дунгийн гадна талыг засаж ардын үлээвэр хөгжмийн зэмсгийн нэг цагаан бүрээ хийж сүм хийдийн хурал номын үед болон нийтийн цуглааныг зарлах дуудлага цохио болгон хэрэглэж ирсэн. Ардын журамт цэргийн уриа дуудлагын дохионы хэрэгсэл эхний үед цагаан бүрээ байжээ. Тийм бүрээн дуудлагаар, өглөө босож, ажил, сургуульд явдаг байсан цаг харьцангуй саяхан мэт санагднам.
Лавайн эргүүлэг эрчлээсийг эрдэм мэдлэгийн эцэс төгсгөлгүйн бэлгэдэл болгодог заншил түгээмэл.
Эргүүлэг нь нар зөв эргэсэн бол ячил, нар буруу эргэсэн бол ёчил дун (лавай) гэнэ. Лавай цагаан, улаан, шар, цоохор зэрэг олон өнгөтэй байх авч монголчууд эх өнгө буюу сүүн цагаан өнгийн бэлгэдэл болгон цагаан лавайг илүү эрхэмлэж, энэхүү бэлгэдэл өнгөөр хундан цагаан хонио
Хунгийн дуутай
Дунгийн зүстэй гэх буюу хүүхэд залуусаа
Дун цагаан шүдтэй
Дуран хар нүдтэй гэхчлэн магтан зүйрлэх дуртай.
Монголчууд лавайг бас будаг шунхны зориулалтаар нухаж зуурч найруулан есөн эрдэнийн буюу хүндэтгэлийн ном судар бичих туурвихад ашигладаг байв. Мөн шатааж номхотгон уламжлалт эрдэнийн болон бусад эм танд
оруулан найруулж өгөршил буюу идээ шар усыг хатаах, ясны халууныг арилгах, аюулхайн бэтэг, хулгана яр, яс бэртсэн хийгээд мэсний шарх, нүдний цагааг эмчлэх зэрэгт хэргэлдэг билээ. Сударт лавайн зөв эргүүлэгтэй нь чухал, өргөстэй нь адаг хэмээн дурджээ.
Г.Гонгоржав, Монголчуудын чулуун өв соёл. Уб., 2005, 310-311 тал.